KFC

KFC буюу Kentucky Fried Chicken (монгол. Кентаккийн шарсан тахиа) нь Кентакки мужийн Луисвилл хотод төвтэй, шарсан тахианы махаар мэргэшсэн Америкийн түргэн хоолны рестораны сүлжээ юм. 2024 оны байдлаар дэлхийн 150 оронд 32 мянган салбартай, McDonald's-ийн дараа орох хоёр дахь том нийтийн хоолны сүлжээ (борлуулалтаар хэмжигддэг) юм.[1] Дэлхий даяарх KFC-гийн бараг бүх салбарууд буюу 99% нь франчайзинг гэрээгээр ажилладаг бөгөөд Pizza Hut болон Taco Bell сүлжээнүүдийн нэгэн адил Yum! Brands корпорацын охин компани юм.

KFC-г Их хямралын үеэр шарсан тахиа зарж эхэлсэн бизнес эрхлэгч Харланд Дэвид Сандерс (англи. Harland David Sanders) үүсгэн байгуулсан. Франчайзинг хийх боломжийг олж харсан Сандерс Америкийн бусад мужуудад лицензийн эрхээ зарж эхэлсэн юм. Кентакки мужаас гаднах анхны ресторан 1952 онд Юта мужид нээгдсэн байна. Тус компанийн хүчин чармайлтын үр дүнд тахианы махан хоол нь түргэн хоолны салбарын гол хэрэглээ болж, түргэн хоолны гол бэлгэдэл болох гамбургертай өрсөлдөх болсон. Улмаар "Хурандаа" гэгддэг Сандерс өөрөө Америкийн хоолны соёлын амьдралд чухал хүн болсон. Түүний дүр төрхийг KFC-ийн сурталчилгааны кампанит ажилд өргөнөөр ашигласаар байна. Гэсэн хэдий ч бизнесийн хурдацтай өсөлт нь Сандерсыг 1964 онд компаниа зарахад хүргэсэн юм. Брэндийн эрхийг Жон И. Браун, Ж., Жек К. Масси тэргүүтэй хөрөнгө оруулагчдын бүлэгт шилжүүлсэн байна.
Тус компани түргэн хоолны салбарт олон улсын хэмжээнд өргөжин тэлсэн анхны тоглогчдын нэг болсон. 1960-аад оны дунд үе гэхэд KFC салбарууд Их Британи, Мексик, Ямайкад нээгдсэн байна. Дараагийн хорин жилийн хугацаанд тус компани хэд хэдэн удаа эзэмшигчээ сольсон билээ.
1987 онд тус компани Хятадад салбараа нээсэн анхны барууны компани болсон юм. Одоогийн байдлаар KFC-ийн Хятад дахь салбарууд нь тус компанийн хамгийн том хэлтэс болсон байна. 1997 онд PepsiCo-ийн рестораны сүлжээг Tricon Global Restaurants болгон хувааж, хожим нь Yum! Brands нэртэй болсон түүхтэй.
KFC-ийн анхны бүтээгдэхүүн нь 11 ургамал, халуун ногоогоор хийсэн үрдэсний зуурмагт бүрсэн шарсан тахианы мах юм. Сандерсийн өөрийн биеэр боловсруулсан энэхүү хольцын орц нь худалдааны нууц юм. Энэхүү хоолноос олныг авахад хатуу цаасан хувинд хийж өгөхийг 1957 онд KFC-ийн анхны франчайз эзэмшигч Пит Харман зохион бүтээсэн ажээ. 1990-ээд оны эхэн үеэс хойш хоолны цэс нь тахианы бургер, сэндвичний ороомог, салат, шарсан төмс, ундаа зэрэг өргөжсөн бөгөөд ихэвчлэн PepsiCo-ийн хийдэг бүтээгдэхүүнүүд байсан юм.
KFC Монголд
[засварлах | кодоор засварлах]KFC брэнд 2013 онд 35 ажилтантайгаар нээгдэж байсан бол өдгөө 16 салбар, 700 гаруй ажилтантай болтлоо өргөжин тэлж, нийт 58.4 тэрбум төгрөгийн татвар төлж, ТОП 100 Аж ахуй нэгжийн нэгээр 2017 оноос жил бүр шалгарч байгаа юм.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "KFC: restaurants worldwide 2019" (Англи хэлээр).